Хүн амын салбарын 2019 оны танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 06 сар 30. 07 цаг 52 минут

            Хүн амын тооны өөрчлөлтийг төрөх, нас барах, шилжих хөдөлгөөнөөр тодорхойлдог. 2010-2020 оны хоорондох 10 жилийн хугацаанд хүн ам жилд дунджаар 1.7 хувиар, өмнөх тооллогоос жилийн дундаж өсөлт нь 1.3 пунктээр өссөн байна.

            Тооллого хоорондын хүн амын өсөлт нь тухайн үеийн улс төр, нийгэм, хүн ам зүйн хөгжлөөс ихээхэн хамаардаг. Хүн ам 1960-иад оны дунд үе хүртэл жилд дунджаар 0.3 хүртэл хувиар өсч байсан бол 1963-1969 онд 2.1 хувиар өссөн нь Хөвсгөл аймгийн түүхэн дэх хамгийн өндөр өсөлт юм. Хүн амын өсөлт 1979-1989 онд өмнөх үеэсээ 0.2 хувиар буурч байсан бол 1989-2000 онд жилд дундажаар 1.2 хувиар өсч байснаа 2010 онд 0.4 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.  Хүн ам 1944-2000 оны хооронд жилд дунджаар 0.9-2.1  хувь тогтвортой өсч иржээ. Энэ нь ард түмний аж амьдрал үүний дотор, хүн амын эрүүл мэндийн түвшин дээшилж, төрөлт нэмэгдэхийн зэрэгцээгээр нас баралт буурч, гадаад шилжих хөдөлгөөн бараг байхгүй байсантай холбоотой. Харин хүн амын тоо 2010-2020 оны тооллого хооронд дунджаар өсөлт төрөлт их байсан учир 1.7 хувь болж өссөн байна.

            Монгол улсын хүн амын тоог авч үзвэл 1 саяас 2 сая  болж нэмэгдэхэд 26 жил байсан бол 2 саяас 3 сая болж нэмэгдэхэд мөн 26 жил болж 1 саяар нэмэгдэх хугацаа хэвийн байна. Харин Хөвсгөл аймгийн хүн амын хувьд 100 мянгаас 130 мянга болж нэмэгдэх хугацаа 30 жил байна. Монгол Улсын нийт хүн ам 2019 онд 134 318 болж, өмнөх оныхоос 53  буюу 0.1 хувиар буурсан байна. Хөвсгөл аймгийн суурин хүн ам 2019 онд 134 318 болж, өмнөх оныхоос 53 буюу 0.1 хувиар буурсан байна. Хүн амын тоо ерөнхийдөө өсч байгаа боловч өсөлтийн хурд тогтвортой байсангүй. Тухайлбал, хүн амын жилийн дундаж өсөлтийн хувь 2014 оноос хойш тогтвортой өссөөр, 2016, 2019 онуудад буурсан байна.  

          Хөвсгөл аймагт оршин суугаа хүн ам 2019 онд 134318 болж, өмнөх оноос 0.1 хувиар буурсан байна. Аймгийн хэмжээнд 2019 онд 3210 эх амаржиж 3244 хүүхэд төрсөн байна. Харин нас баралт 847 болсон нь өмнөх оноос 4.7 хувиар өссөн байна.                 Нийт 710 хос 2019 онд гэрлэлтээ бүртгүүлж, 113 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж, 72 хүүхэд үрчлүүлсэн байна. Хөвсгөл аймагт шинэ төрсөн эрэгтэй хүүхэд цаашид 63.94 жил, эмэгтэй хүүхэд 71.99 жил амьдарна гэсэн тооцоо гарсан нь улсын  дундажаас эрэгтэй 2.44, эмэгтэй 3.97 жилээр бага  байна.

         Өрхийн тоо 2019 оны эцэст 37 914 болсны 33.7 хувь нь хотод, 66.3 хувь нь хөдөө байгаа бөгөөд аймгийн дунджаар нэг өрхөд 3.5 хүн ногдож байна.

        Нас, хүйсийн бүтэц нь хүн ам зүйн хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг юм. Улс  орнуудын хүн амын нас, хүйсийн бүтэц өөр хоорондоо харилцан адилгүй байдаг ба нийгэм, эдийн засгийн өнөөгийн болон ирээдүйн асуудалд ихээхэн хэмжээний нөлөө үзүүлдэг.

            Хүн амын насны бүтцийг судлах нь тухайн улсын хүн ам зүйн түүхэн замналыг харах, одоогийн үйл явцыг үнэлж дүгнэх, цаашдын чиг хандлагыг тодорхойлох бололцоо олгодгоороо ихээхэн ач холбогдолтой юм. Ингэснээрээ хүн амын нас, хүйсийн бүтцийн өөрчлөлтийн чиг хандлагыг харгалзан улс орныхоо нийгэм, эдийн засгийн урт, богино хугацааны бодлого хөтөлбөр боловсруулах үндэслэл болдог. Хүн амын төрөлт, нас баралтын түвшнээс хамааран тухайн улсын хүн амын насны бүтэц өөрчлөгдөж байдаг. Хүн амын хэдэн хувь нь хүүхэд залуучууд, идэр насныхан, эсвэл хөгшчүүд байгаагаас хамааран үе үеийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн хандлагад нөлөөлдөг.

         Нийт хүн амд хөдөлмөрийн насныхны эзлэх хувь өндөр байх үеийг “Хүн ам зүйн цонх” гэдэг. Энэ үед улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хүн ам зүйн хүчин зүйл эерэгээр нөлөөлдөг.

        Хүн ам зүйн цонх нээгдсэн үед хүүхэд, залуучуудын боловсролын түвшинг дээшлүүлэх, мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх урт хугацааны бодлого хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ажлын байрыг нэмэгдүүлсэн нөхцөлд ажиллах хүчний нөөц хүрэлцэхүйц байх нөхцөл бүрэлдсэн гэж ойлгож болох юм.

       2019 оны нийт хүн амыг насны бүлгээр авч үзвэл нийт хүн амын 31.6 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд, 64.3 хувь нь 15-64 насны хүмүүс, 4.1 хувь нь 65 ба түүнээс дээш насны өндөр настан байна. Нийт 0-14 насныхны эзлэх хувь 2019 онд 1979 оноос 14.6 пункт, 60 ба түүнээс дээш насныхны хувийн жин 4.2 пунктаар  тус тус  буурч харин 15-59 насныхны хувийн жин 18.9 пунктаар өссөн байна. Төрөлт сүүлчийн 20-иод жилийнх шиг тасралтгүй буурвал хүн амын насны бүтэц удахгүй өөрчлөгдөх хандлагатай байна. 

        Хүн амын хүйсийн харьцааг насны бүлгээр авч үзвэл 2019 онд 0-34 насны бүлэгт 100 эмэгтэйд ногдох эрэгтэйчүүдийн эзлэх хувь илүү, 30 ба түүнээс дээш насны бүлэгт эмэгтэйчүүдийн эзлэх хувь өндөр байна.

        Хүн ам зүйн цонх үеийг илэрхийлэх үзүүлэлтүүдийн нэг нь хүн ам зүйн ачаалал буюу хөдөлмөрийн насны 100 хүнд ногдох хүүхэд, хөгшдийн тоо гэсэн үзүүлэлт юм. Хүн ам зүйн ачаалал 2019 онд 55.5 байгаа нь хөдөлмөрийн насны 2 хүнд хөдөлмөрийн бус насны 1 хүн ногдож байгааг харуулж байна. Хүн ам зүйн ачаалал нь хөдөлмөрийн насны нэг хүн хичнээн хүнийг тэжээн тэтгэж болохыг илэрхийлж байгаа болохоор урт хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, ялангуяа ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарснаар улс орны нийгэм, эдийн хөгжилд хүн ам зүйн хүчин зүйл эергээр нөлөөлөх юм.

        Хүн амыг насны бүтцийн хувьд таллан хувааж байгаа голч нас 26.8 болсон нь хүн амын тэн хагас нь 26.8-оос доош, үлдсэн 50 хувь нь түүнээс дээш насныхан байна. Хөгшрөлтийн индекс буюу 0-15 насны 100 хүүхдэд ногдох 65, түүнээс дээш настай хүний тоо 12.3 байна.

        Хөвсгөл аймгийн хүн амыг суурьшлаар нь харвал хотод 32.9 хувь, хөдөөд 67.1 хувь нь суурьшиж байна. Үүнээс 30.3 хувь нь Мөрөн суманд оршин сууж байна. Төв суурин газар уруу 1990-ээд оны эхэн үеэс эхэлсэн шилжилт сүүлийн 20 гаруй жилд үргэлжилсэн хэвээр байна. Ерөнхийдөө хүн амын шилжилт хөдөлгөөн Мөрөн сумруу чиглэж байгаа нь олон баримтаас харагддаг.

       Хөвсгөл аймгийн хүн амын нягтрал 2000 онд нэг квадрат километр нутаг дэвсгэрт 1.5 хүн ногдож байсан бол 2010 онд 1.7 хүн, 2019 онд 1.3 болж буурсан байна.

       Хүний амьдрах хугацааг тодорхойлох гол хэмжүүр нь “ДУНДАЖ НАСЛАЛТ” юм. Төрөлтөөс тооцсон дундаж наслалт2 2019 онд аймгийн хэмжээнд 67.09 болж өмнөх оноос 0.38 пунктээр буурсан бөгөөд эмэгтэйчүүдийн дундаж наслалт 63.94, эрэгтэйчүүдийнх 71.99 жил болсон нь улсын дундажаас эрэгтэй 2.44, эмэгтэй 3.97 жилээр бага  байна.

      Дундаж наслалт нь таамаглах хэмжигдэхүүн бөгөөд насны бүлэг дэх нас баралтын коэффициентийг үндэслэн тооцсон тухайн хүний цаашид амьдрах дундаж хугацаагаар тодорхойлогддог. Тухайн улсын хүн амын дундаж наслалтыг төрөлтөөс тооцсон дундаж наслалтаар тодорхойлдог. Дундаж наслалт нь хүйс, одоогийн нас, амьдралын хэв маяг зэргээс шалтгаалан ялгаатай байдаг. Тухайлбал, 60 настай эрэгтэй цаашид 12 жил, 55 настай эмэгтэй цаашид 9 жил наслах тооцоо гарсан байна.

       Өрхийг “Нэг орон байранд хамт амьдардаг, нэгдмэл төсөвтэй, хүнс, амьдралын наад захын бусад хэрэгцээгээ хамтран хангадаг нэг буюу хэсэг бүлэг хүмүүсийг өрх гэнэ. Өрхийн гишүүд нь хоорондоо садан төрлийн хамааралтай эсвэл хамааралгүй байж болно. Өрх гэдэг ойлголт нь гэр бүл гэдэг ойлголтоос ялгаатай. Нэг өрхөд хэд хэдэн гэр бүл амьдарч байж болно” гэж тодорхойлдог. 2019 онд нийт өрхийн тоо 37914 болж өмнөх оноос 3.9 хувиар буурч харин 2010 оноос 8 хувиар өссөн байна. Нийт өрхийн 33.7 хувь нь хотын өрх, үлдсэн хувь нь хөдөөгийн өрх байна. Аймгийн дунджаар нэг өрхөд 3.5 хүн ногдож байна.

        Өрхийн ам бүлийн дундаж тоо Тосонцэнгэл, Улаан-Уул, Цагааннуур сумдад хамгийн өндөр буюу аймгийн дундажаас 0.3 пунктээр их байна.

        Арбулаг, Галт, Жаргалант, Рашаант, Ренчинлхүмбэ, Тариалан, Төмөрбулаг, Цагаан-Уул, Цэцэрлэг, сумдын өрхийн ам бүлийн дундаж тоо аймгийн дундажаас 0.1-0.2-оор илүү байгаа нь харагдаж байна.

        Долоо, түүнээс дээш ам бүлтэй өрхийн нийт өрхөд эзлэх хувь Улаан-Уул суманд аймгийн дундажаас 1.2 пунктээр илүү байна. Харин Мөрөн сум буюу төв суурин газар энэ үзүүлэлт аймгийн дундажтай ижил байна.

 


Сэтгэгдэл бичих
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
Төрийн албаны тухай хууль   үзэх
ХАОСТ-ын тухай хууль   үзэх
ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 7-р сарын 29-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 11000
  Үхрийн мах, кг 13000
  Ямааны ястай мах, кг 9000
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1410
  Бензин, А-92 1510
  Дизелийн түлш 2070
  Ноолуур  40000

 

СУДАЛГАА

Хөдөө аж ахуй - 2019 

Хүрээлэн буй орчны судалгаа 2019

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт - 2019 
Аж үйлдвэр, үйлчилгээний танилцуулга - 2019 
Хөдөө аж ахуй - 2018 

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт- 2018

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа

Аж үйлдвэр, үйлчилгээний салбарын судалгаа-2018