2020 оны 10 сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 11 сар 15. 16 цаг 08 минут

ЭРҮҮЛ МЭНД

Аймгийн хэмжээнд  2020  оны эхний 10 сарын байдлаар 2272 эх амаржиж, 2271 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад амаржсан эхийн тоо 103 тохиолдол буюу 4.3 хувь, төрсөн хүүхэд 117 тохиолдол буюу 4.9 хувиар тус тус буурсан байна. Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 10 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 34 тохиолдол бүртгэгдсэн нь 2019 оны мөн үеэс 4 тохиолдлоор буурсан байна. Нялхсын эндэгдлийн 70.6 хувийг нярайн эндэгдэл эзэлж байна.

1-5 нас хүртэлх хүүхдийн эндэгдэл

2020 оны  эхний 10 сарын байдлаар  1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 8 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1 тохиолдлоор буурсан байна. Хүүхдийн эндэгдлийг оношоор нь авч үзвэл зүрх судасны өвчлөлөөр 1, төрөлхийн гаж хөгжлийн 2, осол гэмтлийн 5 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Нас баралтын үзүүлэлт

2020 оны эхний 10 сарын байдлаар нас баралтын 658 тохиолдол  бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 14 тохиолдол буюу 2.1 хувиар буурсан байна. Нийт нас баралтын 16.1 хувь нь эмнэлэгт нас барсан байна. Осол гэмтлийн нас баралт 131 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 28 тохиолдол буюу 27.2 хувиар өссөн, хорт хавдрын нас баралт 173 тохиолдол бүртгэгдсэн ба өнгөрсөн оны мөн үеэс 18 тохиолдлоор буюу 9.4 хувиар буурсан байна.

Халдварт өвчин

Аймгийн хэмжээнд эхний 10 сарын байдлаар 1159 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж 2019 оны мөн үеэс 775 тохиолдол буюу 40.1 хувиар буурсан байна. Нийт халдварт өвчнөөс  БЗХӨ  74.2 хувь, сүрьеэ  8.5 хувь,  амьсгалын замын өвчин 8.7 хувь, арьс салтстаар халдварлах халдвар 0.8 хувь, цусан халдвар 0.6 хувь, гэдэсний халдварт өвчин 5.3 хувь, зоонозын болон мал амьтнаас хүнд халдварладаг өвчлөл 1.7 хувь, бусад халдварт өвчин 0.2 хувийг тус тус эзэлж байна. Нийт халдварт өвчний дотор БЗХӨ-ний 860 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 289 тохиолдол буюу  25.2 хувиар буурсан байна.  Нийт тохиолдлоос тэмбүү 303 тохиолдол өмнөх оноос 44 тохиолдлоор, трихомониаз 91 тохиолдол буюу 28 тохиолдлоор, гоноккокт  халдвар 466 тохиолдол буюу 217 тохиолдлоор тус тус буурсан байна. 

ГЭМТ ХЭРЭГ

Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 10 сарын байдлаар нийт 541 гэмт хэрэг бүртгэгдэж 365 хүн холбогдсон байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад гэмт хэрэг 58 тохиолдол буюу 9.6 хувиар буурч, гэмт хэрэгт холбогдогчид 21 хүн буюу 6.1 хувиар өссөн байна. Гэмт хэргийн улмаас хохирсон 552 иргэн байгаа нь өмнөх оны мөн үеэс 41 хүн буюу 6.9 хувиар буурсан байна. Нийт хохирсон иргэдийн 198 хүн буюу 35.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн хувьд согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 107, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 41, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэрэг 8, насанд хүрээгүй хүний үйлдсэн гэмт хэрэг 8 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо 37 тохиолдол буюу 25.7 хувиар, бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн тоо 10 тохиолдол буюу 19.6 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Гэмт хэргийн улмаас 2020 оны 10 сарын байдлаар нас барсан 30 хүн, гэмтсэн 199 хүн бүртгэгдсэн ба нас барсан хүн өмнөх оны мөн үеэс 5 тохиолдол буюу 14.3 хувиар буурсан, гэмтсэн хүн 2019 оны мөн үеэс 20 тохиолдол буюу 11.2 хувиар өссөн байна. 2020 оны эхний 10 сарын байдлаар 19335 захиргааны зөрчил гарч, өмнөх оноос 1472 тохиолдол буюу 8.2 хувиар өссөн байна. Мөн энэ онд 289 хүн баривчлагдаж, 1204 хүн эрүүлжүүлэгдэн 5.0 сая төгрөгний төлбөр төлж,  18453 иргэнийг торгон нийт 802.5 сая төгрөгний торгууль ногдуулсан байна. 

Хөдөлмөр эрхлэлт

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч 2020 оны 10 сарын эцэст 617 иргэн байгаагийн 350 нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс ажил хайгч 798 иргэн буюу 43.6 хувиар, эмэгтэйчүүд 372 иргэн буюу 48.5 хувиар тус тус буурсан байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 71.5 хувийг бүрэн дунд, 17.5 хувийг дипломын болон бакалаврын, 3.6 хувийг суурь, 3.1 хувийг техникийн болон мэргэжлийн, 1.9 хувийг тусгай мэргэжлийн дунд, боловсролгүй болон бага боловсролтой 2.3 хувийг тус тус, насны бүлгээр авч үзвэл 29.8 хувийг 25-34 насны, 26.6 хувийг 15-24 насны, 24.6 хувийг 35-44 насны, 15.1 хувийг 45-54 насны, 3.9 хувийг 55-аас дээш насны иргэд эзэлж байна. Ажлын байрны захиалга 2020 оны 10 сарын эцсийн байдлаар 535 бүртгэгдэж, ажилд зуучлагдан орсон 369 иргэнээс 187 нь эмэгтэй байна.

Нэгдсэн төсөв

2020 оны 10 дугаар сарын байдлаар аймгийн төсвийн орлого 110.4 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс орлого 21.2 (23.7%) тэрбум төгрөгөөр өссөн байна. 2020 оны 10 дугаар сарын байдлаар зарлага 85.1 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 11.3 (15.3%) тэрбум төгрөгөөр өссөн байна. 2020 оны 10 дугаар сарын байдлаар аймгийн татварын орлого 18.5 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 3.4 (22.5%) сая төгрөгөөр өссөн байна.

Нийгмийн даатгал

Нийгмийн даатгалын хэлтсийн мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2020 оны эхний 10 сарын байдлаар 20778.6 сая төгрөг болж, өмнөх оноос 15.6 хувь буюу 2803.4 сая төгрөгөөр өссөн байна.

Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн газрууд 2020 оны эхний 10 сарын байдлаар 19.3 тэрбум төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 15.4 тэрбум төгрөгний бүтээгдэхүүн борлуулав. Өмнөх оны мөн үеэс нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 43.8 хувь, бүтээгдэхүүний борлуулалт 25.3 хувиар тус тус өссөн байна.

Газар тариалан

Төмс, хүнсний ногооны хураалт өмнөх оны мөн үеэс 19.0-67.4 мянган тонноор буюу 32.0-48.7 хувиар өслөө. Ургац хураалтын явцын мэдээгээр аймгийн хэмжээнд 2020 оны 10 дугаар сарын байдлаар 22508.7 тонн үр тариа, үүнээс улаан буудай 22052.2 тонн, төмс 3019 тонн, хүнсний ногоо 2262.9 тонн хураан авчээ. Хураасан төмс 809.6 (36.6%) тонноор, хүнсний ногоо 558.4 (32.7%) тонноор өсөж,  үр тариа 3772.5 (14.3%) тонноор өмнөх оны мөн үеэс буурсан байна.

Хадлан бэлтгэлт 155344.5 тонн, гар тэжээл 322.9 тонныг бэлтгэсэн нь өвс бэлтгэх албан даалгавраас 47281.5 (23.3%) тонноор, бэлтгэсэн гар тэжээл 43.1 (11.8%) тонноор, өмнөх оны мөн үеэс өвс 80045.9 тонноор тус тус буурсан байна.


Сэтгэгдэл бичих
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
Төрийн албаны тухай хууль    үзэх
ХАОСТ-ын тухай хууль   үзэх
ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 11-р сарын 11-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1600
  Хонины мах, кг 9000
  Үхрийн мах, кг 10000
  Ямааны ястай мах, кг 8500
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2300
  Шингэн сүү, л 2000
  Бензин, А-80 1510
  Бензин, А-92 1560
  Дизелийн түлш 2170

 

СУДАЛГАА

Хөдөө аж ахуй - 2019 

Хүрээлэн буй орчны судалгаа 2019

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт - 2019 
Аж үйлдвэр, үйлчилгээний танилцуулга - 2019 
Хөдөө аж ахуй - 2018 

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт- 2018

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа

Аж үйлдвэр, үйлчилгээний салбарын судалгаа-2018